“ГААЛИЙН ТАТВАР ӨНДӨР ДҮНГЭЭР ТӨЛЛӨӨ” ГЭХ ГОМДОЛ, МАРГААН ЯАГААД ГАРДАГ ВЭ?
- admin 2024
- Jan 31
- 5 min read

МОНГОЛИАН БИЗНЕС КОНСАЛТИНГ /МВС/ компанийн Албаны Дарга, Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөх, Гаалийн Итгэмжит Зөвлөх С. Норжинсүрэн Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас зохион байгуулсан “Татварын хууль тогтоомжийн шинэчлэл” хэлэлцүүлэгт 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр оролцож, өнөөдөр хэрэгжиж байгаа гаалийн хууль тогтоомжоор санал бодлоо хуваалцлаа.
Дээрх нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн асуудлуудаар манай компани гадаад худалдаа эрхлэгч, гаалийн харилцаанд оролцогч Та бүхэнд гаалийн хууль тогтоомжийн хүрээнд дараах зөвөлгөөг хүргэж байна.
ГААЛИЙН АЛБАН ТАТВАР /ГАТ/, ОНЦЛОГ:
Худалдаачдын байгуулсан гадаад худалдааны гэрээ хэлцлийн үр дүнд улсын хилээр оруулах эсхүл гаргаж байгаа бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үед гаалийн байгууллагаас ГАТ-ыг хурааж, улсын төсөвт төвлөрүүлдэг.
Өөрөөр хэлбэл манай улсад импортын бараанаас УИХ-аас тогтоосон эсхүл олон улсын гэрээ хэлэлцээрээр тохиролцсон гаалийн тарифын хувь хэмжээгээр тооцож ГАТ-ыг хураадаг. Үүгээрээ Монгол улсын бусад төрлийн татвараас ялгаатай бөгөөд ГАТ-ыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр бий болсон бараа, ажил үйлчилгээнээс авдаг татвар биш болно.
Одоогийн байдлаар импортын бараанд ГАТ-ыг ногдуулахдаа тухайн импортын барааны гаалийн үнээс эрх бүхий байгууллагаас тогтоосон тарифын /нэн тааламжтай, хөнгөлөлттэй, ердийн/ дагуу тооцдог. Харин экспортын бараанд тухайн барааны нэгжид мөнгөн илэрхийллээр ногдуулж байна. Импортын ГАТ тооцох бүрэлдэхүүнд тухайн барааны гарал үүсэл, БТКУС код, импортын барааны гаалийн үнэ, үнэлгээний аргууд хамаардаг.
Түүнчлэн гаалийн байгууллага нь Татварын ерөнхий хууль болон холбогдох хуулиудын дагуу улсын хилээр оруулж байгаа импортын бараанаас гаалийн бүрдүүлэлт хийх үед НӨАТ, Онцгой албан татвар, Автобензин дизелийн түлшний албан татварыг авдаг.
ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ МЭДЭХ ШААРДЛАГА, АЧ ХОЛБОГДОЛ:
Хүн мэддэггүйгээс, дутуу мэдээлэлтэйгээс болж алддаг. Хүн бүр бүх хууль тогтоомжийг тэр тусмаа Гаалийн хууль тогтоомжийг мэддэггүй, тийм боломж ч хомс юм.
Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон тэдгээртэй холбоотой Монгол улсын бусад хууль тогтоомжийг нийтэд нь “гаалийн хууль тогтоомж” гэдэг. Гаалийн хууль тогтоомж нь Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны бодлогыг тодорхойлж, барааг улсын хилээр нэвтрүүлэх эрхийн хэм хэмжээг тогтоодог. Эдгээр нь Дэлхийн худалдааны байгууллага болон Дэлхийн гаалийн байгууллагын Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудад суурилдаг бөгөөд тэдгээрийн стандартууд, хэм хэмжээг шууд хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг.
Иймд гаалийн хууль тогтоомж нь маш өргөн цар хүрээг хамаардаг, хүн бүр ойлгож, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Иймээс ч дэлхийн улс орнуудад “гаалийн удирдлага” гэдэг мэргэжил, мэргэжилтнүүд байдаг. Үүний жишгээр манай улсад 2002 оноос Гааль, гадаад худалдааны удирдлага мэргэжлээр гаалийн харилцаанд оролцогчдыг сургаж эхэлсэн.
Анхны бизнесээ эхлүүлж байгаа худалдаа эрхлэгч нь Гадаад худалдааны захилга хийх, Гэрээ байгуулах, Импортын барааны гаалийн үнэ гэж юу вэ? Яагаад үнэлгээний олон арга байдаг юм? Үүнийг хуульд заасны дагуу дэс дараалан хэрэглэхгүй бол ямар үр дагавар гарах вэ? Тэр нь миний төлөх татварт хэрхэн нөлөөлөх вэ? гэх мэтийн олон асуултуудтай тулгардаг. Эдгээр бүх асуултуудыг ойлгож мэдсэнээр гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчтай харилцахад хялбар болж, хуулийн хүрэнд зөвшилцөх боломж бүрддэг хэдий ч ТА өөрт хэрэгтэй мэдээллийг гаалийн хууль тогтоомжоос олох, ойлгох нь бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудал болж үлддэг. Хууль тогтоомжийг Талууд ижил нэгмөр ойлгож, хамтран хэрэгжүүлснээр итгэлцэл үүсдэг. Гэтэл энэхүү асуудлаа шийдэж чадаагүйгээс үл ойлголцол үүсэж, улмаар гадаад худалдаа эрхлэгчдийн эрх зөрчигдөх магадлал өндөр байдаг.
Иймд ТА гадаад худалдааны бизнес эрхлэх гэж байгаа, эрхэлж байгаа бол түүнд хамааралтай хууль тогтоомжийг бүрэн ойлгож, хэрэгжилтэд оролцсоноор амжилттай, ашигтай, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж, өөрт учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх болно.
“ГААЛИЙН ТАТВАР ӨНДӨР ДҮНГЭЭР ТӨЛЛӨӨ” ГЭХ ГОМДОЛ, МАРГААН ЯАГААД ГАРДАГ ВЭ?
Гаалийн байгууллага дээр гарч байгаа маргаан гомдлын дийлэнх нь импортын барааны гаалийн албан татвартай холбоотой байдаг. ГАТ-ын үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь гаалийн үнэ, үнэлгээ, барааны ангиллын код, тарифын хувь хэмжээ, татварыг хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой байдаг. Импортын гаалийн тарифын хэмжээ нь тухайн барааны гарал үүсэлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй холбоотой байдаг.
Импортын барааны ГАТ-ыг импортын барааны гаалийн үнээс тооцдог. Импортлогчийн түнштэйгээ байгуулсан гадаад худалдааны гэрээгээр тогтоосон үнийг “хэлцлийн үнэ” гэнэ. Таны “хэлцлийн үнэ”-д Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заагдсан зардлууд ороогүй бол тэдгээрийг хэлцлийн үнэ дээр нэмж Гаалийн үнийг тогтоодог. Эдгээр зардлуудыг нэмэхдээ хэлцлийн нөхцлүүдийн дагуу бараа нийлүүлэлтийн үе шат бүрд бичигддэг гадаад худалдааны бичиг баримтуудад тулгуурладаг. Үүнд Танай хэлцлээр тохиролцсон INCOTERMS-ийн нөхцөл бас чухал ач холбогдолтой. Импортын барааны гаалийн үнийг тогтоодог үнэлгээний 6 арга байдаг. Эдгээр аргуудыг дэс дараалан хэрэглэх ёстой гэж хуульчилсан. Гаалийн байгууллага Таны гаргаж өгсөн дээрх мэдээлэл, бичиг баримт дутуу, хангалтгүй, нэмэлт бичиг баримт гаргаж өгөөгүй бол зэрэг үндэслэлээр Таны хэлцлийн үнэ, хэлцлийн үнийн аргаас татгалздаг. Тухайлбал: Та 1000 ам. доллароор бараа худалдан авсан хэдий ч Таны энэхүү үнийг зөвшөөрөхгүй, гаалийн үнийн мэдээллийн баазад байгаа үүнээс өндөр үнээр гаалийн үнийг тогтоож, татварын ногдуулалт хийдэг. ГАТ-ын ногдуулалтын энэхүү зөрүү, гаалийн байгууллага, албан тушаалтан шийдвэрийнхээ талаар тухай бүр тайлбар өгдөггүй, зөвшилцдөггүй зэргээс гомдол, маргаан гардаг.
Энэхүү асуудлыг шийдэхийн тулд Танд ДХБ-ын Худалдаа дахь техникийн саад тотгорын Хэлэлцээр, ТХЕХ-ийн YII дугаар зүйлийг хэрэгжүүлэх Хэлэлцээр, Гарал үүслийн дүрмийн Хэлэлцээр, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиуд зэргийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох шаардлагатай юм.

ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ТАРИФ, ТҮҮНИЙГ СОНГОЖ ХЭРЭГЛЭХ:
Манай улс импортын барааны нэн тааламжтай, хөнгөлөлттэй, ердийн тарифтай бөгөөд импортын барааны гарал үүслийн улсаас хамаарч дээрх тарифуудыг ялгаатай хэрэглэдэг. Тухайлбал, Дэлхийн худалдааны байгууллагын Гарал үүслийн дүрмийн хэлэлцээр, Гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэн тааламжтай тарифаар ГАТ-ыг тооцдог. Энэ тохиолдолд дийлэнх импортын барааны гаалийн тарифын хэмжээ 5 хувь байдаг, гэхдээ импортын бараа тус бүрээрээ тухай бүр тулгаж шалгах шаардлагатай. Харин хөнгөлөлттэй тарифаар ГАТ төлөхийн тулд Япон улстай байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн Гарал үүслийн дүрэм болон “Ази Номхон далайн бүсийн орнуудтай байгуулсан Худалдааны хэлэлцээр”-ийн Гарал үүслийн дүрэм зэргийг мэдэх шаардлагатай болох бөгөөд энэхүү тарифын хувь хэмжээ нь нэн тааламжтай тарифаас бага байх магадлалтай.
Иймээс Та өөрийн импортолсон бараанд төлөх татвараа тооцож, импортын хувь хэмжээгээ зөв сонгож, тооцож Гаалийн байгууллагад мэдүүлэх бэлтгэлээ хангаарай.

ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Төрийн байгууллагын хувьд гаалийн харилцаанд оролцогч бүрд хэрэгцээ шаардлагад нийцсэн, шуурхай, хуульд үндэслэсэн үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөх нь чухал, энэ нь байгууллага бүрд тулгамдсан асуудал болж байна. Гааль, татварын байгууллагууд ч гэсэн хязгаарлагдмал нөөцтэйгөөр ажилладаг бөгөөд энэ нь бүх хүнд цаг алдалгүй, үнэн зөв мэдээллийг хүргэхэд хүндрэлтэй болдог. Түүнчлэн эдгээр байгууллагуудын хүний нөөц, мэргэжлийн мэдлэг, ур чадвар харилцан адилгүй, бэлэн биш байдаг.
ДГБ-ын Шинэчлэн найруулсан Киотогийн Конвенцын Ерөнхий хавсралтад гаалийн байгууллага хууль ёсны худалдааг хамгийн боломжит түвшинд хүргэж худалдааг хөнгөвчлөхөөр заасан. Гаалийн байгууллага эрсдэлийн удирдлагад үндэслэн худалдааг хөнгөвчлөх чин эрмэлзэл, хүсэлтэй байвал зохино. Мөн гаалийн байгууллага нь өөрөө хууль тогтоомжийг зөрчих магадлалаас сэргийлэхийн тулд гааль өөрөө юу хийх ёстой вэ гэдгийг нь зааж өгсөн байдаг.
Түүнчлэн манай улс 2017 онд нэгдэн орсон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн заалтуудыг үндэсний хууль тогтоомжид тусгах, дагаж мөрдөх нь зайлшгүй тулгамдсан асуудал болж байна.
Засгийн газрын “1111”, Гаалийн ерөнхий газрын https://gaali.mn/, шуурхай утас 1900-1281 утсанд ирж буй гомдол, санал хүсэлтүүд, ГЕГ-аар Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаанаас харахад
Гадаад худалдаа эрхлэгч гаалийн харилцаанд оролцогчдод хүргэж байгаа мэдээлэл хангалттай биш, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэдээллийг бүрэн, хангалттай хүргэдэггүй байна. Зарим хүнд анхан шатны мэдээлэл хэрэгтэй байхад, нөгөө хүнд тодорхой кейс, салбарын хүрээнд хамаарах хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой нарийн мэдээлэл шаардлагатай байдаг. Сонирхогч тал нь өөрийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй, дутуу, дулимаг мэдээлэлтэй байх, мэдээлэл хүртээмжгүй байснаар төөрөгдөл, хүндрэл, үл ойлголцол үүсдэг байна. Тиймээс мэдээллийг хэрэглэгч тус бүрийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн мэдээллийг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд, ил тод хүргэснээр итгэлцэл бий болж, хууль тогтоомжийн хэрэгжилт дээшилнэ. Иймд гаалийн харилцаанд оролцогч Талуудыг оролцуулсан зөвшилцөх механизм тогтолцоог бий болгох нь дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд чухал алхам болно.
Манай МОНГОЛИАН БИЗНЕС КОНСАЛТИНГ /МВС/ компани ГАДААД ХУДАЛДАА, ГААЛИЙН АСУУДЛААР ТА БҮХЭНД мэдээлэл, зөвөлгөө өгч ажиллахад үргэлж бэлэн байгаа болно.
Фото зургийн эх сурвалж https://www.facebook.com/MongolCustoms
Comentarios